Search This Blog

Thursday, May 5, 2011

Хайрын тухай


Хайрын тухай түүх хязгааргүй, төгсөшгүй, яг л эхлэл үгүй басхүү төгсгөл үгүй мэт. Хичнээн олон зуун хүн, хэдэн мянган жилийн турш хайрын тухай ярьсаар ирсэн хэдий ч тэрээр дундаршгүй их далайн агуу их баялаг адил мөнхөд аливаа бүхэнд аз жаргалыг харам үгүй бэлэглэсээр л, ундарсаар л  ...

Хайр гэдэг бол үнэндээ итгэл аж. Гэхдээ хэмжээлшгүй, төсөөлшгүй их итгэл аж. Түүнийг хэмжинэ хэмээвээс дэндүү их тэнэглэл, түүнийг үгүйсгэнэ хэмээвээс дэндүү их гунигтай, магадгүй оршин тогтнолоо ч эвдэж мэднэ.


Хүн бүхнийг хөглөдөг зүйл бол хайр л байдаг, надад ч ялгаагүй. Яагаад ч юм бэ хайрын тухай бодох бүрд, хайрын тухай мөрөөдөх бүрд,  хайрын тухай дурсах бүрд , хайрын үзүүрт төгсгөл үгүй мэт...

Хүмүүн бид хайр хэмээх тийм л нэгэн гэнэхэн жигүүрээр орчлон хорвоод нисэн дүүлдэг, уясан нялхамсдаг. Тэрээр  хүн бүхэн л хайрыг эрхэмлэн нандигнан, сэтгэлийн гүндээ баясан цэнгэдэг шүү дээ. Учир нь хайр бол хорвоо дэлхийн амь амьсгал , амьдралын эрч хүч итгэл нь болон биднийг  хайрладаг бүхэнтэй минь холбосон шидтэн мэт. Яг л шидэт дохиураар хос хоёрыг учруулан харц харцаа, зүрх зүрхээ онилон харсан тэр мөчөөс л хайр- хайртай түүнийх нь юм бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хүргэн эрхэм нандин, өр зүрхнийх нь адил  болон энэ орчлонд хамтдаа цохилж эхэлдэг. 

Үнэндээ бид сайхан хайран дунд амьдарч байна, харин түүнийгээ сэтгэл зүрхэндээ л нандигнан эрхэмлэх хэрэгтэй.  Барьж мэдэрч чадахгүй алсын алс хэдий ч хайр бол хязгааргүй баяр жаргалангийн урсгал мэт орчлон хорвоод  ундарсаар л , гэрэлтсээр ..
.

Friday, January 28, 2011

Өөрийнхөөрөө

Тэр өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй.Хөвгүүд хэзээ ч түүнийг онцлон харж,яриа өдөж,сонирхдоггүй.Харин найз охидыг нь хөөрхөн гэж магтаж,баланд шунасан эрвээхэй мэт эргэлддэгт бүр дасчихжээ.
    Тэр чанга ярьдаггүй.Аяархан намуухнаар хааяа нэг асуултанд даруухан хариулж,хэний ч анхаарлыг таталгүй чимээгүйхэн ажиглаж суух л дуртай.Хөвгүүдийн дэргэд хөгжилтэй яриа өрнуулж,чанга инээх нь бүү хэл үг солихдоо хацар нь улайдаг ичимхий зантай.
Тэр өнөөдөр их гомдмоор үг сонсчээ.''Чи өөртөө ямар итгэлгүй юм бэ''гэж саяхан танилцсан хөвгүүн олны дунд чангаар хэлэхэд найз нөхөд,шинэхэн танилуудаасаа санаа зовон газар орчихмоор санагдаж,дотроо учиргүй гомдож билээ.Уг нь анх удаа тэр хүү од шиг гялалзах найз охидынхоо гялбаанд дарагдсан өөрийг нь олж харж,баярлуулж,итгэж ядах сэтгэлийг төрүүлсэн юм.
Дараагийн удаа уулзахдаа тэр огт өөр хүн болсон байв.Тэр хөвгүүнд таалагдах гэж найзынхаа хувцсыг өмсөж,хамгийн хөөрхөн найз шигээ хувцаслаж,тэдэн шиг ууж идэж,инээж хөөрөх гэж хичээв.Тайзан дээр өөртөө зохиогүй дүрийг бүтээх гэж хичээх ур дүй муутай жүжигчин шиг чармайх бүр алдаа удаа дараалан гарна.Нүднийхээ булангаар сэм сэм харахад өнөө хөвгүүн өөрийг нь шоолох мэт жуумалзан байх нь улам итгэл алдуулна.Эцэст нь хөвгүүн босоод явчихлаа.Гарахаасаа өмнө охинд дөхөж ирээд,чихэнд нь аяархан ''Чи өөрөөрөө байхдаа л хамгийн хөөрхөн юм''гэжээ.Охин уйлмаар санагдлаа.Хүний хувцас,хуурамч бага тайчиж хаяад нүүрээ угааж толинд харахад танил царай өөдөөс нь гайхсан мэт бүлтийнэ.Инээмсэглэлээ.Түүний хэлсэн үг үнэн байжээ.Тэр өөрийнхөөрөө байхдаа хамгийн хөөрхөн гэдгээ ойлгов.
Тэр хөөрхөн байхыг хүсдэггүй.Тэр бусдад тоогдохыг яардаггүй.Тэр өөрийнхөөрөө л байх дуртай.

Ус цэцэг хоёр



Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биенээ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр рүү цацан *энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя* гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, *Ус надад хайртай болов уу?* гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа. Цэцэг усанд: - Би чамд хайртай гэхэд ус: - Би ч гэсэн чамд хайртай гэв.
Цаг хугацаа өнгөрсөөр... Цэцэг усанд дахиад л: Би чамд хайртай гэв. Ус: -Би ч бас гэлээ. Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус: -Би чамд хайртай гэдгээ хэлсэн биз дээ гэв. Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв. Ус хайртынхаа толгойг түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд: - Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд: - Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв. Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг асуув. Эмч ус руу нухацтай харснаа: - Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв.
Ус “Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггүйг” ойлгожээ.

Tuesday, January 11, 2011

МИНИЙ АНХНЫ ХАЙРЫН ТҮҮХ УНШААРАЙ

 

Энэ бол кино үзсэнээс хамаагүй гоё гэж би бодож байна. Жинхэн хайрын түүх.

Цас
зөөлөн хаялна. Өглөөний нарны шингэн туяа газарт буусан их цасанд ойж
нойрмогхон нүднээ хурц гэгээг илгээнэм. Дахин хэзээ ч ирэхгүй
орчлонгийн нэгэн өглөө малгайлан орох том том цасан ширхэгүүдээр
хүмүүний сэтгэлийг зөөллөн ийн эхэллээ. Сэтгэлд нэвчсэн хайрын гашуун
амтыг аргадан таалах гэсэн мэт тэнгэрээс хаялах их цасан эцэс
төгсгөлгүй мэт бударч тэгсэн хэрнээ намуухнаар зөөлхөн бууж байлаа.
Тэнгэр газар тэр аяараа цагаан өнгөнд хучигджээ. Нар хүртэл бээрчихсэн
юмуу даа гэлтэй чухам хаанаас шингэн гэгээгээ тусгаж байгаа нь үл
мэдэгдэх аж. Зэгэлтсэн саарал тэнгэр, хөвсгөр цагаан цасанд хучигдсан
зам талбай үл ялиг цантсан цонхны цаанаас тодхон харагдаж байв. Дөнгөж
нойрноосоо сэрэн унтлагынхаа хувцастай зогсох Халиунаа гадаах байдлыг
ийнхүү ажин хэсэг азнаснаа зөөлхөн санаа алдаад буйданд тухаллаа. Гэрт
Халиунаагаас өөр хэнч байхгүй байв. Битүү хивсээр хучигдсан өрөөнд
түүний амьсгалаас өөр чимээ анир үл гарах мэт. Унтлагын өрөөн дэхь орны
ойролцоо байрлах намхан ширээн дээр хэн нэгэн зурвас үлдээжээ. Цагаахан
цаасан дээр хар бэхээр дурайлган бичсэн тэдгээр мөрүүдийг Халиунаа олж
харсан хэрнээ авч үзэх гэж нэг их завдсангүй. Тэр зүгрүү харц унагахгүй
байгаа хэрнээ нүднийхээ булангаар сэмхэн ажиж байгаа нь уг зурвас
Халиунаагийн сонирхлыг эрхгүй татаж байгааг илтгэх аж. Өөрөөс нь өөр
хүн байхгүй атал тэр зурвас руу эгцэлж харахгүй байгаагаас үзэхэд их л
омог бардам, харц дээгүүр эмэгтэй болох нь ойлгомжтой харагдана. Хэн
нэгний мутарлаж орхисон тэр алгын чинээ зурвасыг шүүрч аваад үзмээр
байгаа ч гэлээ ухаан нь хэрэггүй гэж ятгаад байгаа бололтой хэсэг
тээнэгэлзэн байснаа үл мэдэг мушилзаж тэгснээ нүдийг нь хоромхон зуур
нулимсан дуслууд бүрхээд ирэв. Гэсэн хэдий ч тэр дороо өнөөх тунгалаг
дуслууд ор мөргүй арилж буцаад л харц дээгүүр болж тамхи асаалаа.
Хүзүүгээ зөөлөн түшлэг дээр дураар тавьж тааз өөд ширтэн тамхи зуун
тухлах тэрээр “юу бичиж үлдээснийг чинь гадарлаж байна аа” гэж дуулдах
төдий шивнэснээ нүдээ анин өнгөрсөн рүү бодол тээн одлоо.
Оюутан ахуй насных нь гэгээн он жилүүд түүний нүднээ эрхгүй тодрох аж.
Гэгээн мөрөөдлөөр жигүүрлэн, жаргалтай ирээдүйг зохиохын төлөө хөөрч
тэмцэж явсан тэр л үе нь амьдралынх нь хамгийн гэрэл гэгээтэй үе мэт
санагдана. Түүнийг харсан залуус эргэж харахгүй байна гэж хэзээ ч
байдаггүйсэн. Хүн бүхний хайрыг татаж, чухам хэнээс ирсэн нь ч
ялгагдахгүй тоо томшгүй олон бэлэг, хайрын илэрхийлэл, дурлалын захиа
түүний өрөөгөөр л нэг хөглөрдөг байсан. Гэхдээ тэр бүхэн хэзээ ч
Халиунаагийн сэтгэлийг тэгтлээ их хөдөлгөж байсангүй. Халиунаагийн
сэтгэлдээ нандигнаж, нууцхан харц илгээдэг байсан тэр нэгэн ухаалаг
даруухан залуугийн зэрвэсхэн төдий харц л түүнд хамгаас илүү аз жаргал
бэлэглэдэг байлаа. Харамсалтай нь яаж ч хичээгээд, хичнээн өдөөд ч тэр
л эрхэм хүнийхээ харцыг өөр дээрээ тогтоож чадаагүй байсаар нэг л
мэдэхэд өөрөө айлын бэр болон заларсансан. Гэтэл ийнхүү бүх зүйл өнгөрч
одсон хойно хайр дурлалынх нь ганц шүтээн нь түүнийг ихэд халамжлан
анхаарах болсон. Чухам тэр цаг мөчөөс л эхэлж Халиунаагийн оюун ухаан,
зүрх сэтгэл хоорондоо эцэс төгсгөлгүй дайн зарлаж ямар ч шийдвэрт хүрч
чадалгүй байсаар чамгүй хугацааг өнгөрөөж билээ. Түүнээс үлдсэн үр
дагавар юу байв. Дөнгөж суугаад жил ч хүрээгүй байсан нөхрөөсөө салсан.
Гэхдээ үүндээ огтхон ч харамссангүй, бусад хүмүүсийн хэл амыг ч
тоосонгүй. Гэвч үүнтэй нь зэрэгцээд өнөөх хайр дурлалынх нь эзэн өөр
бүсгүйтэй гэрлэж түүгээр ч тогтохгүй хүүхэд төрүүлж тогтсон
амьдралтайгаа золгоод авахад нь Халиунаа хувь заяандаа голдоо ортол
гомдож билээ. Хүлээж мөрөөдөж суухаас хэтрэхгүй бүсгүй хүний заяаг яаж
оролдоод зөрчиж чадалгүй жаргалтай инээдээрээ сэтгэлд харуусал орхин
одсон хайртай залуугаа нууцхан гомдол, доголон нулимс хоёроор үдэн орь
ганцаархнаа хоцорсонсон. Хичнээн хүнтэй амьдарлаа ч гэлээ, бусад
хүмүүсийн шохоорхлын харц өөрийг нь эрхгүй ээрдэг ч гэлээ дурласан
сэтгэл гэдэг тийм ч амархан арилдаггүй ажээ. Заримдаа хэтэрхий их
хайрладгаасаа, үгүйлдгээсээ болоод ч тэр үү Халиунаа сэтгэлдээ
түүнийгээ үзэн ядах шиг болно. Хэдий өөр амьдрал зохиогоод явж одсон ч
магадгүй эргээд над руу ганц ч болохноо харах ч юм билүү гэсэн
горьдлого сэтгэлдээ тээн нойтон дэртэй өглөөг угтаж байхдаа тэрээр ямар
ч үнээр хамаагүй түүнийг эхнэрээс нь салгахаар өөртөө хатуу шийдэж
байсан. Царай зүс, мэдлэг боловсрол, хөрөнгө бэлээрээ гээд бүхий л
зүйлээрээ яаж ч бодсон тэр хүүхнээс нь өөрөө илүү юм шиг санагдана.
Гэсэн хэдий ч яагаад ч хайртай хүнээ тэр хайртай эхнэрээс нь салгаж
чадахгүй байсаар өнөөг хүрсэн. Яаж ч хичээсэн, яаж ч хайрлаж хүсч
хүлээлээ гээд хэзээ ч өөр лүүгээ эргүүлж чадаагүй.
…Халиунаа ийн бодол болон суусаар чамгүй хугацааг өнгөрөөжээ. Гадаа цас
хаялсаар л бүтэлгүй хайранд гомдож цөхөрсөн сэтгэлийг нь угааж аргадах
гэсэн мэт намуухнаар буусаар. Гэдэс нь өлсөж байгааг мэдэрсэн ч юм
идэхийг төдийлөн завдсангүй. Салхивчаа нээж гараа гаргалаа. Хаялах
цасан нэг хоёроороо түүний алган дээр бууж тэр даруйдаа ус болон
хайлна. Хайртай хүнээ хангалттай хайрлаж амжаагүй түүний хамаг их хайр
нь алгандаа шингэсэн ч юм билүү. Түүний илч төөнөсөн халуун алга цасан
ширхэгийг хэдий цас чигээр нь атгахыг хүссэн ч ус болон хайлуулсаар. Өч
дөчнөөн хоног бүсгүй хүнийхээ намбыг гээн байж хойноос нь хөөцөлдсөөр,
арай хийж сар хүртэл дальдрам сайхан харцыг нь өчигдөр өөрлүүгээ
хандуулж чадсансан. Олон олон сар жилүүдийн гомдол цөхрөл, хүсч
хүлээсэн сэтгэлээ уудлан байж хайр хорсол хосолсон нулимсаа түүнийхээ
зөөлөн гараар арчуулж урд шөнийг өнгөрөөсөн. Битгий л өглөө болоосой
хэмээн эрхгүй хүсч, бүр залбирч байсан ч нэг л мэдэхэд ганцаархнаа
өглөө сэрсэн. Урьд шөнө дэндүү хурдан өнгөрсөн. Өмнөх өдрүүдийн сар
мэлтийсэн шөнүүд өнгөрч өгөхгүй, үргэлж л ийм харанхуйгаараа байгаад
байх юм шиг түүнд санагдаж шөнө болохыг үзэн яддаг байсан бол харин
өчигдөр шөнө саран авхайгаас тэнгэртээ жаахан ч гэсэн саатаж, гийгүүлэн
соёрхооч ээ хэмээн гуйж байсан. Гэвч түүний энэ хүслийг саран авхай
сонсонгүй нэг л мэдэхэд үүрийн гэгээ цонхоор нэвтрэн орж тасалгаанд
дуртайяа тэнүүчилсээр Халиунаагийн нүүрийг гижигдэн сэрээж дахиад л
ганцаархнаа байгааг мэдрүүлсэн. Одоо Халиунаа сарыг биш нарыг, шөнийг
биш өглөөг үзэн ядаж байв. Цонхоор гаргасан гар нь даарсан бололтой
тасалгаанд оруулж цонхоо хаагаад юмыг яаж мэдэхэв гэсэн бодлоор бээрсэн
сэтгэлдээ гал ноцоож сүүлчийн найдвар болсон зурвасыг уншхаар зориг
шулуудан чимхэж авлаа.
…”Халиунаа, чи хэнээс ч илүү сайхан бүсгүй. Яг үнэнийг хэлэхэд чамайг
харахгүй байх аргагүй байдаг. Сарыг хүртэл ичээм сайхан дүрийг чинь
бишрэхдээ сэлүүргүй бодлын ертөнцөд ухаанаа тавин тэнүүчилж, бодит
амьдралаас тасран оддог. Өнө алсын ирээдүй, хэзээ ч байж боломгүй
халирсан мөрөөдөл бүхэндээ хэдий мөнхөд живэхийг хүсч байгаа ч сэрэхээс
өөр сонголтгүй орчлонд чи бид хоёр амьдарч байгаагаа мартаж болохгүй.
Хүслээ биш ухаанаа дагаж амьдардаг хорвоо юм даа. Чи намайг хайрладаг
шиг намайг хайрладаг бас нэгэн бүсгүйд би нэгэнт сэтгэлээ өгсөн
болохоор буцааж чадахгүй.
Үүргэлсэн шөнийн уртад чиний тухай бодол санаанаас гардаггүй ч
Үнсэх сэдлийн эзэн ялдам уруул чинь зүүдэнд үзэгдэвч
Бишүүрхэнгүй инээх тансаг дүрийг чинь эрхгүй би биширдэг ч
Бодлын минь үзүүрт уяатай өөр нэгэн бүсгүйг мартаж би болохгүй ээ.
Намайг уучлаарай. Би чамайг, сэтгэлийг чинь ойлгож байна. Дахиад
хоёулаа уулзах хэрэггүй. Үүнийг чи бид хоёр хоёулаа мэдэж байгаа шүү
дээ. За тэгээд, эцэст нь баяртай л гэж хэлье дээ”
…Бардам, ихэмсэг инээмсэглэж байгаа мэт Халиунаагийн нүднээ нулимсан дуслууд хуралдаж байлаа.

Monday, December 27, 2010

Өвлийн өвгөн үүссэн түүхээс

Монголчууд шинэ жилийн баярыг тэмдэглэн ирсээр багагvй хугацаа өнгөрчээ. Шинэ жил гэхээр л хvvхэд багачуудад хамгийн тvрvvнд өвлийн өвгөн аав бэлгээ өгөх юм шиг санадаг. Тэгвэл өвлийн өвгөн аав гэж чухамдаа хэн юм бэ?

Ер нь эртний ном судраас vзвэл хvмvvс эхлээд өвлийн өвгөнд бэлэг өгдөг байсан аж. Эртний славянчууд өлмөн зэлмэн, ядуу тарчиг амьдрал нь өвөг дээдэс, бурхан шvтээн, лус савдагтаа өргөл барьц өргөөгvйгээс болдог гэж vздэг байжээ. Тиймээс тэд лус савдгаа номхотгон, аргадахын тулд өвлийн улиралд мал адгуусны арьсаар аймшигт мануухай босгон тvvндээ өргөл барьц өргөдөг болсон байна. ]
Хvмvvс лус савдгийг янз бvрийн аймшигт дvрсээр дvрсэлдэг байсан ч хамгийн аймшигтай мануухайг өвгөн хэмээн нэрлэдэг байжээ. Өвгөн савдагийн зан авир нь ширvvн, заримдаа хатуу хэдий ч сайхан сэтгэлтэй. Сайн хvмvvнийг ямагт ивээлдээ багтаадаг бол харин муухай сэтгэлтэй хvнийг шидэт амьсгалаараа vлээгээд л хөлдөөдөг гэж эртний славянчууд vзэн иржээ. Цаг хугацаа, он жилvvд өнгөрөх тусам өвгөн савдгийн нэр аажимдаа өөрчлөгдсөөр Трескун өвгөн, улаан хамарт өвгөн, цагаан өвгөн хэмээн нэрлэгдэх болсон аж. Ингээд л та бидний сайн мэдэх өвлийн өвгөн vvссэн тvvхтэй.

Dwyane wade mix