Search This Blog

Friday, January 28, 2011

Өөрийнхөөрөө

Тэр өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй.Хөвгүүд хэзээ ч түүнийг онцлон харж,яриа өдөж,сонирхдоггүй.Харин найз охидыг нь хөөрхөн гэж магтаж,баланд шунасан эрвээхэй мэт эргэлддэгт бүр дасчихжээ.
    Тэр чанга ярьдаггүй.Аяархан намуухнаар хааяа нэг асуултанд даруухан хариулж,хэний ч анхаарлыг таталгүй чимээгүйхэн ажиглаж суух л дуртай.Хөвгүүдийн дэргэд хөгжилтэй яриа өрнуулж,чанга инээх нь бүү хэл үг солихдоо хацар нь улайдаг ичимхий зантай.
Тэр өнөөдөр их гомдмоор үг сонсчээ.''Чи өөртөө ямар итгэлгүй юм бэ''гэж саяхан танилцсан хөвгүүн олны дунд чангаар хэлэхэд найз нөхөд,шинэхэн танилуудаасаа санаа зовон газар орчихмоор санагдаж,дотроо учиргүй гомдож билээ.Уг нь анх удаа тэр хүү од шиг гялалзах найз охидынхоо гялбаанд дарагдсан өөрийг нь олж харж,баярлуулж,итгэж ядах сэтгэлийг төрүүлсэн юм.
Дараагийн удаа уулзахдаа тэр огт өөр хүн болсон байв.Тэр хөвгүүнд таалагдах гэж найзынхаа хувцсыг өмсөж,хамгийн хөөрхөн найз шигээ хувцаслаж,тэдэн шиг ууж идэж,инээж хөөрөх гэж хичээв.Тайзан дээр өөртөө зохиогүй дүрийг бүтээх гэж хичээх ур дүй муутай жүжигчин шиг чармайх бүр алдаа удаа дараалан гарна.Нүднийхээ булангаар сэм сэм харахад өнөө хөвгүүн өөрийг нь шоолох мэт жуумалзан байх нь улам итгэл алдуулна.Эцэст нь хөвгүүн босоод явчихлаа.Гарахаасаа өмнө охинд дөхөж ирээд,чихэнд нь аяархан ''Чи өөрөөрөө байхдаа л хамгийн хөөрхөн юм''гэжээ.Охин уйлмаар санагдлаа.Хүний хувцас,хуурамч бага тайчиж хаяад нүүрээ угааж толинд харахад танил царай өөдөөс нь гайхсан мэт бүлтийнэ.Инээмсэглэлээ.Түүний хэлсэн үг үнэн байжээ.Тэр өөрийнхөөрөө байхдаа хамгийн хөөрхөн гэдгээ ойлгов.
Тэр хөөрхөн байхыг хүсдэггүй.Тэр бусдад тоогдохыг яардаггүй.Тэр өөрийнхөөрөө л байх дуртай.

No comments:

Post a Comment